Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын хэн нь энэ жилийн наадмын бөхийн барилдааны зүүний магнайд гарах вэ гэдэг асуудал сүүлийн хэдэн өдөр бөх сонирхогчдын дунд маргаантай хэвээр байна. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос дархан аваргуудыг амжилтаар нь эрэмбэлэх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ дагуу амжилтаар нь эрэмбэлвэл Дархан аварга Г.Өсөхбаяр магнайлах бололтой. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарт дархан аварга цол тэмдгийг нь гардуулсан. Гэвч наадмаар хэн нь зүүний магнайд гарах вэ гэсэн асуудлаас болж багагүй маргаан дэгдсэн билээ. Ингээд дархан аварга А.Сүхбат зүүний магнайд гарч дархан аварга Г.Өсөхбаярыг амалж авсан түүхэн ч гэмээр үйл явдал болсон юм. Харин өнөө жилийн наадмаар дахин ийм үйл явдал гарахгүй гэх баталгаа алга. Дархан аваргуудын тухайд энэ жил хоёулаа би зүүнийг магнайлна гэсэн байр суурийг илэрхийлээд буй. Харин Бөхийн холбооныхон “дээрх хоёр бөхийн тухайд даян аварга цолтой байхдаа Г.Өсөхбаяр улсын наадамд 3 удаа 8 давсан, 4 удаа долоо давсан бөгөөд энэ амжилтаараа улсын наадамд 3 удаа долоо давсан даян аварга А.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх нь зөв юм” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Харин зарим бөх сонирхогч, судлаач нар дархан аварга цолыг эрэмбэлдэггүй, Ерөнхийлөгчийн зарлиг олгосон үнэмлэхний дугаараар А.Сүхбат түрүүлж гарах учиртай хэмээцгээж байна. Бид дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын амжилтыг инфографикаар харуулж байна. Хэрвээ амжилтаар нь эрэмбэлвэл дархан аварга Г.Өсөхбаяр зүүний магнайд гарах юм байна. Ямартай ч энэ жилийн наадамд зодоглох бөхчүүдийг бүртгэж дууссаны дараагаар бөхчүүдийг эрэмбэлж хэн нь зүүнийг магнайлах асуудлыг шийдэх аж
|